Улаанбаатар хот, 2026 оны 8 дугаар сарын 31- Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 2027 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслөөс онцлох есөн шийдвэрээ олон нийтэд танилцуулав.

Ерөнхий сайдын есөн шийдвэр “Монголын баялаг-Монголчууддаа” нэг зорилготой юм. Энэ оны төсвийн тодотгол бол сайд нарын урсгал зардлаас 1,4 их наяд төгрөг танаж, төр бүсээ чангалж, цалин тэтгэвэр нэмэхэд зориулна. Ирэх 2027 оны төсвийн хуулийн гол зорилго нь Монголын баялгаа монголчууддаа хүргэх үндсэн зорилготой.
Эдгээр шийдвэрүүд нь Таны хувь, Таны мөнгө, Таны ирээдүй гэсэн гурван багц агуулгатай. Хорин жил яригдсан Оюутолгойн ногдол ашгаа авч, иргэн бүрийн хуримтлалын данс, шинэ VI цахилгаан станц, малын эм вакцин, арьс ширний үйлдвэр, зургаан бүс тус бүрд Кэмбрижийн хөтөлбөртэй хоёр сургууль, нэг төрөлжсөн ахлах сургууль барихад зориулахаар төлөвлөжээ. Оюутолгойн ногдол ашгийг юунд зарцуулахыг “И-Монголиа”-гаар дамжуулан иргэдийн саналаар шийдвэрлэхээ танилцууллаа.

Ерөнхий сайдын есөн шийдвэр
1.Таны мөнгө
-Оюутолгойн ногдол ашгаа Монголд анх удаа авчирна. Дулааны IV цахилгаан станц, боловсруулах үйлдвэр, боловсролд зарцуулна. Таны мөнгө. Та бүхэн шийднэ.
2. "Эрдэнэс Тавантолгой-н хувьцаа
-“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаагаа иргэн өвлүүлэх, бэлэглэх, арилжих эрхтэй болно.
3. Татвар
-Таны цалингийн 792.000 төгрөг хүртэлх хэмжээнд татвар авахгүй. Таны мөнгө Танд үлдэнэ. Иргэдийн гарт 840 тэрбум төгрөг үлдэнэ.
4.Тэтгэвэр, цалин
-380.300 төгрөгийн тэтгэврийн нэмэгдэл. Дундаж тэтгэвэр ирэх онд 1,335,400 төгрөг болно. Ахмад настан ажил хийвэл 2027 оноос шимтгэлгүй. Оюутан ажил хийвэл 2028 оноос шимтгэлгүй.
5.Орон сууц
-16000 орон сууцыг 6% зээл, түрээслээд өмчлөх нөхцлөөр борлуулна. Төрийн 4000 орон сууцны урьдчилгаа 30% биш 15% болно.
6.Эрчим хүч
-"ДЦС-3"-ын дэргэд 300 Мвт-ын "ДЦС-6" барина. "ДЦС-3"-ыг засварлан шинэчилж, гацаад байгаа 10 аймгийн ДЦС-г ашиглалтад оруулна.
7.Боловсрол
-Гүүглийн компьютер 100.000, 100 ногоон сургууль, бүс бүрд Кембрижийн сургууль 2, нэг төрөлжсөн ахлах сургууль
8.Эрүүл мэнд
-Гадаадын зээл, тусламжаар баригдаж буй 39, шинээр 34 эмнэлэг барина. Ахмад настан даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэ төлбөргүй авна.
9.Ногоон хөгжил
-500 цахилгаан машин цэнэглэгч "Ногоон өртөө" байгуулна. Сэргээгдэх эрчим хүчний техник төхөөрөмжүүд, цахилгаан машин гааль, онцгой албан татвараас бүрэн чөлөөлөгдөнө.



