“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт /2026.11.11/ Өмнөговь аймагт болов. Уулзалтаар Ерөнхий сайд Засгийн газрын бодлого, эдийн засгийн нөхцөл байдал, 2026 оны улсын төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийн төслийн хүрээнд аймгийн иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, асуултад хариулав.
2026 оны улсын төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөг хэмнэсэн. Хэмнэлтээрээ боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалинг 50 хувь хүртэл нэмэгдүүлсэн. Хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн цалинг нэмсэн. Мөн ажлаа аваад шийдсэн анхны чухал ажил бол 2019 оноос хөндсөн тэтгэврийн шинэчлэл байсан. Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж, эхний 100 хоногтоо батлуулсан. Монгол Улсад анх удаа гурван давхаргат тэтгэврийн тогтолцооны суурь бүрдсэн. Энэ сарын 1-нээс 413 мянган ахмад настан суурь тэтгэвэр авч эхэлсэн. Стратегийн хүнсний нөөцөө бүрдүүлж, үнэ тогтворжуулна. Дулаан, цахилгааны үнэ нэмэгдүүлэхгүй. Эрчим хүчний үнийн өсөлтийг өрхөд үүрүүлэхгүй байх бодлого, засвар шинэчлэлд 186.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Халамжийг зорилтот бүлэгтээ хүргэх хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн тэтгэвэр мөн энэ сарын энэ оны 1-нээс 26 хувиар нэмэгдүүлсэн.

Анх удаа өөрийн бодлого шингэсэн төсвөө УИХ-д өргөн мэдүүлсэн. 2027 оны улсын төсөв бол миний анхны төсөв. Энэ хүрээнд онцлох есөн шийдвэрээ зарласан. Нэгдүгээрт, Оюутолгойн өгөөжийг ард түмэндээ хүргэнэ. Оюутолгой төслөөс Монгол Улс анх удаа 17 жилийн дараа ногдол ашиг авахаар болсон. Хоёрдугаарт, иргэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаагаа өөрөө мэдэж, хашаа байшин, орон сууц шигээ өвлүүлэх, бэлэглэх, арилжих, худалдаж авах эрхийг бодитоор нээх хүрээнд хоёрдогч зах зээлд арилжаалах боломж бүрдүүлнэ. 933 төгрөгийн үнэлгээ 3,000 төгрөг болно. Төсөв 90 хувь нь татвараас бүрддэг байсныг 2027 онд 10 хувиар бууруулж, иргэд, аж ахуйн нэгжээ 1.3 их наяд төгрөгийн татвараас чөлөөлж байна. Иргэдийн үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлогод хоёр хувийн татвар ногддог байсныг цуцаллаа. 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг татвараас чөлөөллөө. Бизнес эрхлэгчдийн өсөх замд саад болж буй НӨАТ-ын 50 саяын босгыг 400 сая болгосон. 2.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой нийт 180 мянган аж ахуйн нэгжийн татварын ачааллыг нэг хувь болгосон. Ирэх жил 1.8 их наяд төгрөгийг барилгын салбарт босгоно.

Засгийн газар 2027-2030 онд “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчилж байна. Ирэх жил дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөг болно. Халамж хавтгайруулахгүй. Цалинтай ээж, Хүүхдийн мөнгийг халамж гэж үзэхгүй. “Ногоон Чөлөөлөлт”-ийн хүрээнд уул уурхайн салбарт цахилгаан машиныг дэмжинэ. Намайг ажлаа авснаас хойш цахилгаан машины хэрэглээ гурав дахин өссөн. Нарны панель тавьж, илүүдэл эрчим хүчээ төвийн шугам руу нийлүүлж буй 227 өрх 252 сая төгрөгийн орлого олсон байна. 2027 онд ТӨК-ийн цэвэр ашгаас 3.5 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлж, татварын реформын хэрэгжилт, тэтгэврийн нэмэгдэл зэрэгт зориулна. Төрийн өмчит уул уурхайн 26 компанийг татан буулгаж, 69 тэрбум төгрөг хэмнэсэн. Цаашид ТӨК-иудын реформыг үргэлжлүүлнэ. Ирэх жил ТӨК-иудын захирлуудыг чөлөөлж, нээлттэй сонгон шалгаруулна. ТӨК-ийн хувьцааг үе шаттайгаар олон нийтэд санал болгоно. Нүүрс, зэс, төмрийн хүдэр, жонш гээд бүх баялгаа Монголын хөрөнгийн биржээр ил тод арилжаална. Баялгийн сангаас иргэн бүр тэгш өгөөж хүртэх боломжийг нээнэ.

Төсвөөс санхүүжүүлэх том төсөл байхгүй. Хөгжлийн томоохон төслүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалт татаж, хэрэгжилтийг эрчимжүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулалтыг жилд зургаан тэрбум ам.долларт хүргэнэ. Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчилье. Баялгаа олборлох бус боловсруулж, нэмүү өртөг бий болгох хүрээнд Ган, Зэс боловсруулах цогцолбор, Нүүрс-пиролизын үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн паркийн төслийг хөдөлгөж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын санхүүжилт саадгүй болж, ажил нь эрчимтэй үргэлжилж байна. Мөн Эгийн голын усан цахилгаан станцын гацаа арилж байна. 2030 он гэхэд эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлнэ. Дээрх төслүүдийн үр дүнд 41 мянган ажлын байр бий болно. Эдгээрт ажиллах боловсон хүчний суралцах зардлыг Боловсролын зээлийн сангаас шийдвэрлэнэ. Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно. Дотоодын түлш, шатахууны хэрэглээний 50 хувийг хангана. Үйлдвэрийн түүхий эдийн эрэл хайгуул 15 байршилд явагдаж байна. Авлигатай технологи, ил тод байдлаар тэмцэнэ. 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ. Одоо 27 хувьтай байгаа ядуурлын түвшинг 15 хувь хүртэл бууруулна зэрэг бодлогоо танилцуулав.

Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орж Орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх АМНАТ-ын хувь хэмжээг 20 хувь болгон нэмэгдүүлсэн. Ирэх оны эхний улиралд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам ашиглалтад орно. “Монголын төмөр зам” компанийг Өмнөговь аймаг руу нүүлгэнэ. “Эрдэнэс Тавантолгой” компанийг ч үе шаттай нүүлгэнэ. Улаанбаатар хотод Төлөөлөгчийн газар нь байрлая. Өнгөрсөн жил Өмнөговь аймагт түр нисэх боомт байгуулагдаад нислэг хэвийн явж байна. Үүнийгээ олон улсынх болгоё, Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Говийг усжуулах "Хэрлэн Тооно" төслийн зураг төсвийн санхүүжилтийг Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа шийдэж байсан. Цаашдаа ч говийн усны асуудлыг тэргүүн эгнээнд тавина гэдгийг иргэдийн асуултад хариулах үеэрээ Ерөнхий сайд хэллээ.






