Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 20-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Нэг цонхны үйлчилгээг цахимжуулж, экспортыг нэмэгдүүлнэ
Экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тус тогтоолоор Гашуунсухайт боомтын “Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал”-ын ухаалаг гарцаар Монголын хөрөнгийн биржээр арилжаалсан нүүрс тээвэрлэх жолоочтой тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, тээврийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах эрчим хүчний нүүрсний үнийг зах зээлийн үнийн индексийн хөдөлгөөнд нийцүүлэн өөрчлөх, Гаалийн бүрдүүлэлт хийх, улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавих ажлыг цахимжуулахыг даалгалаа.
Манай улсад гадаад худалдаа эрхлэгчийн бүрдүүлж байгаа маягтуудаас гаалийн мэдүүлэгт хамгийн их буюу 116 төрлийн, улсын бүртгэлийн гэрчилгээ хамгийн цөөн буюу найман төрлийн мэдээллийг агуулдаг. Экспортын үйл ажиллагаанд 40 гаруй бичиг баримт бүрдүүлж байгаагаас зарим тохиолдолд 6-12 удаа давхардуулан шаардаж байна. Эдгээр хүндрэлийг цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлж шийдвэрлэхээр төлөвлөсөн ч системийн санхүүжилттэй холбоотойгоор ажил удааширчээ. Иймд санхүүжилтийг цаг алдалгүй шийдвэрлэж, худалдан авах ажиллагааг яаралтай эхлүүлэх үүрэг өглөө.
Хилээр гаргах уул уурхайн бүтээгдэхүүний лабораторийн шинжилгээний дээж өгөх, хариу авах үйл ажиллагаа нь голчлон Улаанбаатар хот дахь Гаалийн төв лабораториос хамаарч байгаа нь экспортыг удаашруулах нэг хүчин зүйл болж байна. Тухайлбал, нүүрсний дээжийг гаалийн төв лабораторид өгөөд хариу авахад дунджаар долоо хоног, хамгийн ихдээ 35 хоног зарцуулж байна. Мөн Гашуунсухайт боомт дахь шинжилгээний лабораторийн барилгын ажил дуусаж, тоног төхөөрөмжүүд бэлэн болж байгаа ч үйл ажиллагаа эхлээгүй байна. Иймд тус тогтоолоор,
- Гаалийн Төв лабораторид шинжлэх нүүрсний дээжийг 48 цагийн дотор магадлан шинжилгээний дүгнэлтийг гаргах боломжийг 2025 оны наймдугаар сард багтаан бүрдүүлэх,
- Гашуунсухайт боомтын гаалийн салбар лабораторийг 2025 онд багтаан ашиглалтад оруулах,
- Бусад боомтын лабораторийг ашиглалтад орох хүртэл хугацаанд хувийн компаниудын лабораторийн мэдээллийг гаалийн мэдээллийн системд 2025 оны гуравдугаар улиралд багтаан холбох ажлуудыг хийж гүйцэтгэхийг Гаалийн ерөнхий газар болон холбогдох бусад байгууллагуудад үүрэг болгов.
Засгийн газрын агентлагийн газар, хэлтэс, албаны даргын тоог 54-өөр цөөлөв
Монгол Улсын Засгийн газраас “Цомхон, чадварлаг, бүтээмжтэй” төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, удирдах, гүйцэтгэх албан тушаалын зохистой харьцааг хангаж чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн байгууллагын үйл ажиллагааны шат дамжлагыг цөөлөх, албан хаагчдын ажлын гүйцэтгэл, бүтээмжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Агентлагуудын удирдлага, зохион байгуулалтын ерөнхий бүтэц, газар, хэлтсийн тооны харьцаа, нэршил, бүтцийн нэгжид ногдож буй орон тооны мэдээлэлд дүн шинжилгээ хийж, агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн тоо, нэршлийг тогтоож, Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Тус тогтоол батлагдсанаар агентлагуудын нийт орон тоо 300, үүнээс газар, хэлтэс, албаны даргын орон тоо 54-өөр буурч, цалин хөлсний зардал жилд 10 орчим тэрбум төгрөгөөр хэмнэгдэх боломжтой болж байна.
ЕБС-ийн гурав, дөрөвдүгээр ангид англи хэлний хичээл долоо хоногт хоёр цаг орно
2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн гурав, дөрөвдүгээр ангид англи хэлний нэмэлт хөтөлбөрөөр долоо хоногт хоёр цагаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Англи хэлний нэмэлт хөтөлбөрийн сурах бичигт монгол ахуй, соёлтой холбоотой агуулгаар баяжуулан тохируулга хийж, хэвлэж хүүхдийн тоогоор нийлүүлэхэд бэлэн болжээ.
2024-2025 оны хичээлийн жилд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, соёл, уламжлалд нийцүүлэн олон улсын мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулсан англи хэлний цогц хөтөлбөрийг 105 сургуулийн 3-4 дүгээр ангид туршсан. Туршилтад нийслэлийн 37, аймгийн төв, сумын 67 сургуулийн 3-4 дүгээр ангийн 37 мянган суралцагч хамрагдаж, ярих, сонсох, унших, бичих анхан шатны ур чадвар эзэмшжээ.
Туршилтаар гурав, дөрөвдүгээр ангид заах англи хэлний хөтөлбөрийн тохирц, зохион байгуулалтын хэлбэрийг тохируулж, баталгаажуулсан бөгөөд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс англи хэлний хөтөлбөрийг гурав, дөрөвдүгээр ангид хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэсэн байна.
Багшийн хүрэлцээ, ур чадвар чухал. Үүнтэй холбоотойгоор 2025 оны дөрөвдүгээр сард төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудаас судалгаа авсан бөгөөд үр дүнд нь гурав, дөрөвдүгээр ангид англи хэлний хичээлийг дунд ангийн мэргэжлийн багш, бага ангийн багш нар болон бусад хувилбаруудыг сургуулийн нөөц, боломждоо тулгуурлан заах боломжтой гэжээ. Үүний дагуу англи хэл заах багш нарыг чадавхжуулах сургалтыг үе шаттай эхлүүлээд байна.
Отроор яваа малчдад харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ
Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.
Бэлтгэл ажлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг баталлаа. Өвөл, хаврыг хүндрэл багатай даван туулах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөө гаргах, улсын хэмжээнд шаардлагатай улаанбуудай, төмс, хүнсний ногоо, өвс, тэжээлийн хэрэгцээ, хангамжид үндэслэн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын зохистой харьцааг хангах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах, мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр үндэсний үйлдвэрүүд холбогдох төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, отроор яваа малчдад харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, малчин өрхийн хүүхдийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хамруулах, дотуур байраар хангаж ажиллах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгалаа.
“Шивээ-Овоо” ХК-ийн машин техник, тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг бүрэн дуусгаж, шаардлагатай сэлбэг, хэрэгсэл худалдан авна
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Шивээ-Овоо” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай нь уулзалт хийсэн. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа.
- 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Шивээ-Овоо” ХК-ийн машин техник, тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг бүрэн дуусгах, шаардлагатай сэлбэг, хэрэгсэл худалдан авах,
- Уурхайн үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай дизель түлш, шатахууны нөөц, тэсрэх бодис зэрэг чухал хэрэгцээтэй бүтээгдэхүүний стратегийн нөөц бүрдүүлэх,
- Нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангаж, шаардлагатай үед хэрэглэх техник, тоног төхөөрөмж, хэрэгслийн нөөц бүрдүүлэх,
- “Шивээ-Овоо” ХК-д хуримтлагдсан өр, төлбөрийн асуудлыг судлан, шийдвэрлэх талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулах, цаашид өр төлбөр үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, эрчим хүчний нүүрс олборлогч компаниудын нүүрсний борлуулах үнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос бодитой тогтоох тогтолцоог бүрдүүлэх, компанийн үр ашгийг нэмэгдүүлэх,
- Стратегийн ордын нөөцийг олон улсын хөрөнгийн бирж, хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцүүлэн тогтоож, үнэ цэнийг нэмэгдүүлэх, тус ордыг түшиглэн цахилгаан станц байгуулах асуудлыг судалж танилцуулах,
- Говьсүмбэр аймгийн төвийн дулаан хангамж, инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажилд дэмжлэг үзүүлж, шинээр байгуулах 20 МВт дулааны цахилгаан станц байгуулах төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилллахыг холбогдох албан тушаалтнуудад тус тус даалгалаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар уурхайн нөхцөл байдлыг сонсож, албан хаагчидтай уулзах үеэр уурхай ашигтай, тогтвортой ажиллагааг хангаж уурхайн ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж, гүйцэтгэлийн үнэлгээг 50 хүртэл хувиар үе шаттайгаар нэмэгдүүлэх шаардлагатайг анхааруулсан. Гүйцэтгэлийн үнэлгээг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаа компанийн удирдлагууд илэрхийлээд байна.
Ургац хураалтад оюутан, сонсогч, хугацаат цэргийн алба хаагчид болон иргэдийг сайн дурын үндсэн дээр оролцуулна
Ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, үр тариа, төмс, тэжээлийн таримлын үрийн нөөц бүрдүүлэх, тариаланчдад учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт даалгалаа.
Энэ онд улсын хэмжээнд 312.8 мянган га талбайд үр тариа, үүнээс 272.8 мянган га-д улаанбуудай, 12.9 мянган га-д төмс, 15.9 мянган га-д хүнсний ногоо, 87.2 мянган га-д малын тэжээл, 148.5 мянган га-д тосны ургамал, нийт 577.5 мянган га талбайд тариалалт хийж, өнгөрсөн оны гүйцэтгэлтэй харьцуулахад 60.7 мянган га-аар буюу 10.5 хувиар тариалалт буурсан байна.
Ургацын урьдчилсан балансаар 276.4 мянган тонн үр тариа, үүнээс 255.5 мянган тонн улаанбуудай, 88.3 мянган тонн төмс, 164.1 мянган тонн хүнсний ногоо, 40.7 мянган тонн тосны ургамал, 100.5 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан бөгөөд нийт хүн амын хэрэгцээт улаанбуудайн 64.0 хувь, төмсний 72.8 хувь, хүнсний ногооны 62.5 хувийг дотоодын ургацаас хангахаар байна.
Ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд гүйцэтгэхэд их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, сонсогч, хугацаат цэргийн алба хаагчид, иргэдийг сайн дурын үндсэн дээр оролцуулах талаар арга хэмжээ зохион байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Товч мэдээ
- Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүнийхээ ¼-ийг Уул уурхайн биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан тухайн төрлийн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтын 11, 12, 13-т заасан уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ийн арилжааны үнээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна. Энэ заалтыг 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.
- Ерөнхий сайд Г.Занданшатараас 2025 оны долоодугаар сарын 04-ний өдөр өгсөн чиглэлийн дагуу Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2021-2025 онд Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний тайланг бэлтгэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулав.