-“Оюут” станц ҮТП-ийг цахилгаанаар хангаад зогсохгүй, 140 гаруй сумын цахилгааны найдварт ажиллагааг хангана-
Монгол Улсын Ерөнхий Н.Учрал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл, "Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор" үйлдвэрлэл, технологийн паркийн талбайд ажиллалаа.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэр дэх "Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор" үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааны хүрээнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийг хариуцан хэрэгжүүлж буй.
Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцэд 68 сая ам.долларын санхүүжилт хийж, эхний ээлжийг ашиглалтад хүлээн авсан, 2027 онд бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах 1200 га газрыг тусгай хэрэгцээнд авсан. Тус паркт;
-Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр
-Молибденийн баяжмал боловсруулах ферромолибденийн (fe-mo) үйлдвэр
-Зэс нано нунтгийн үйлдвэр
-Кабель утасны үйлдвэр байгуулна.
“Эрдэнэт өртөөнөөс 4,4 км урттай төмөр зам татсанаар импортын бараа шууд ҮТП-ийн талбайд буух боломжтой болсон. Эрдэнэт үйлдвэртэйгээ төмөр замаар холбох бүтээн байгуулалт өрнөж байна. Цэвэр усны хангамж болон ариутгах татуургын системээ шийдсэн. 12,7 км урттай автозамын далангийн ажил дуусаж, хучилт хийж байна, ҮТП-ийн эдэлбэр газрыг тойруулан хашаа барьсан гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх танилцууллаа.

Мөн “Оюут” дэд станцын бүтээн байгуулалт дууссан, туршилтын хугацаа үргэлжилж байна. Энэ станц ҮТП-ийг цахилгаанаар хангаад зогсохгүй, Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээнд маш том ач холбогдолтой. 140 гаруй сумын цахилгааны найдварт ажиллагааг хангана гэлээ.
Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр (ЗБХБҮ) нэмүү өртөг шингэсэн цэвэр зэс үйлдвэрлэхээс гадна, дараагийн шатны өндөр технологи шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүд, бусад дагалдах жижиг, дунд үйлдвэрүүдийн хөгжлийг эрчимжүүлэх, дэвшилтэт технологийг нутагшуулах, ажлын байр олноор бий болгох, эдийн засгаа төрөлжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг стратегийн өндөр ач холбогдолтой төсөл гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцлоод бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, ирэх арваннэгдүгээр сард багтааж гэрээ, хэлэлцээг дуусгахыг үүрэг болголоо.




