Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Онцгой бүрэн эрхийнхээ дагуу Ганзоригийн Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар /2026.09.22/ томилж, батламжиллаа.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шударга ёсыг төлөвшүүлэх, улс орны дотоод аюулгүй байдлыг хангах, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх нь нэн чухал.
Үүний хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг хүний эрхэд суурилсан, ил тод, хариуцлагатай болгох, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог боловсронгуй болгох, иргэдэд үзүүлэх хууль зүйн болон төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгох нь тэргүүлэх зорилт болж байна. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг эдгээр бодлого, зорилтыг хэрэгжүүлж, тулгамдсан асуудлуудад бодит шийдэл гаргах чадвартай хэмээн итгэл хүлээлгэн энэхүү хариуцлагатай албан тушаалд томилж буйгаа Ерөнхий сайд Н.Учрал хэллээ.

Мөн Засгийн газрын бүх гишүүдэд хандан “Төрийн үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж, Үндсэн хуульт эрх зүйт төрийг бататгах үүргээ бүрэн ухамсарлан, танхимын зарчмаар хамтран ажиллах зарчмыг хатуу шаардаж ажиллана” гэдгээ илэрхийлэв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай асуудлыг танилцуулж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үг хэлсэн.
Ерөнхий сайд:
“Улсын Их Хурлын гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд миний бие Үндсэн хуульд заасан Онцгой бүрэн эрхийнхээ дагуу Сайнбуянгийн Амарсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, Ганзоригийн Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэр гаргаж байна. Энэхүү асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр албан бичгээр урьдчилан танилцуулахаар хүргүүлсэн болно.
Сайнбуянгийн Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, Ганзоригийн Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т заасны дагуу Улсын Их Хуралд үүгээр танилцуулж байна.

Хууль зүй, дотоод хэргийн салбарын хэвийн үйл ажиллагаа, улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг, төрийн байгууллагад итгэх олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн нөхцөл байдлыг таслан зогсоох шаардлагад үндэслэн энэхүү шийдвэрийг гаргалаа.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Монгол Улсын сайдаар томилогдохоор нэр дэвшигч Ганзоригийн Тэмүүлэнгийн дэлгэрэнгүй намтрыг Улсын Их Хуралд 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр албан бичгээр хүргүүлсэн. Ганзоригийн Тэмүүлэн олон улсын харилцааны мэргэжилтэй, улсад 20 жил ажилласан, Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж буй, салбарын бодлогыг удирдан чиглүүлэх чадавхтай боловсон хүчин юм.
Эрхэм гишүүд ээ,
Хууль зүй, дотоод хэргийн салбар бол Монгол Улсын дотоод аюулгүй байдал, хүний эрх, хууль дээдлэх зарчим, төрийн иргэдтэй харилцах итгэлцэл, шударга ёсны баталгаа болсон онцгой салбар.

Засгийн газар эдийн засгийн сорилтыг туулж, төсвийн сахилга бат, төрийн хэмнэлт, иргэдийн ахуй амьжиргааг хамгаалах бодлогыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хууль зүйн салбарт бодлогын шинэчлэл хийж, бодитой үр дүн гаргах нь нэн чухал зорилт болоод байна.
Монгол Улсын Их Хурал 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч буй зарим зөрчил нь тухайн нэг тохиолдлын алдаа бус, системийн шинжтэй доголдол болохыг тэмдэглэж, өмгөөлөгчийн оролцоог хангах, цагдан хорих арга хэмжээг хуульд нийцүүлэн хэрэглэх, хяналт-шинжилгээ, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх зэрэг арга хэмжээг Засгийн газарт үүрэг болгосон.
Иймээс хууль зүйн салбарын шинэ удирдлагын өмнө хууль зүйн салбарт үүссэн асуудлын үнэн зөвийг тогтоолгох, хууль сахиулах байгууллагуудын хариуцлагыг сайжруулахын зэрэгцээ хүний эрхийг хамгаалсан, хараат бус, мэргэжлийн, хариуцлагатай хууль сахиулах тогтолцоог бэхжүүлэх зорилт тавигдаж байна.

Ганзоригийн Тэмүүлэнгийн Улсын Их Хурлын гишүүнээр гурван удаа сонгогдсон, төсөв, эдийн засгийн бодлогын асуудлаар олон жил ажилласан туршлага, улс төрийн манлайлал, мэдлэг, ур чадварнь хууль зүйн салбарын шинэчлэлийг төсвийн сахилга бат, төрийн байгууллагын удирдлага, үр ашигтай зарцуулалттай уялдуулан хэрэгжүүлж чадна гэж үзэж байна.
Иймд шинээр томилогдох сайд салбарынхаа байгууллагуудын үйл ажиллагаанд бодит өөрчлөлт хийж, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль сахиулах байгууллагын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох, байгууллагын дотоод хяналт, хариуцлагыг сайжруулахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай.

Эрхэм гишүүд ээ,
Ганзоригийн Тэмүүлэнг Засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар болон тухайн ажил үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, мэдлэгийг нь харгалзан энэхүү нэн хариуцлагатай албан тушаалд итгэл хүлээлгэн танилцуулж байна.
Сайдын алба бол ард иргэдийн итгэлийг даах, хэлсэн үг, хийсэн ажилдаа эзэн байх хамгийн дээд хариуцлага юм. Иймд Ерөнхий сайд миний бие Засгийн газрын бүх гишүүнд хандан төрийн үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж, Үндсэн хуульт эрх зүйт төрийг бататгах үүргээ бүрэн ухамсарлан, хүний эрхийг дээдлэн сахиж, Танхимын зарчмаар нэгдмэл байр суурьтай хамтран ажиллахыг хатуу шаардаж ажиллах болно” гэлээ.

