-ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН МОНГОЛ УЛСЫН 2026 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ-
Монгол Улсын өсвөрийн шатарчдын 2026 оны аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод эхэллээ. Тэмцээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлээс шалгарсан 1000 орчим тамирчин оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар тус тэмцээний оролцогчдод илгээлт явууллаа.
Дэлхийн шатрын холбоо 2026 оны зорилтоо “Шатрыг боловсролд” хэмээн тодорхойлсон. Монгол Улсын Засгийн газраас шатрыг мэргэжлийн спортын түвшинд хөгжүүлэхийн зэрэгцээ бүх нийтийн спорт болгоход анхаарч ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байгааг илгээлтэд дурджээ.
Мөн шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг тууштай дэмжиж, амжилт гаргаж байгаа тамирчдыг шагнаж урамшуулах, дотоод, гадаадын тэмцээн уралдаанд оролцох боломжийг хангах, эх орондоо олон улсын нэр хүндтэй тэмцээнийг зохион байгуулах, түүнд тамирчид, багш, дасгалжуулагчдыг оролцуулан туршлага эзэмшүүлэх, мэдлэг чадварыг өсгөх, үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний тоог нэмэх, өсвөрийн болон оюутан залуучуудын шигшээ багийг байгуулах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаагаа тэмдэглэжээ.

Ерөнхий сайд “Өвөг дээдсээс уламжлан ирсэн, “шатар” хэмээх оюуны их спортыг сонирхон хичээллэж, оюун сэтгэлгээ, бодол ухааны гайхамшгийг эзэмшин эх орон, эцэг эхийнхээ нэр төрийг өндөрт өргөж, тив, дэлхийн ухаантнуудтай эн тэнцүү өрсөлдөн тэмцэлдэж, амжилт гаргаж байгаа, Монгол Улсын аварга шалгаруулах нэр хүндтэй тэмцээнд мянгуулаа шалгаран оролцож буй бяцхан иргэдээрээ бахархаж байна” гэжээ. Мөн үр хүүхдээ, шавь нараа энэ агуу спортод дур сонирхолтой болгон хичээллүүлж, уйгагүй хөдөлмөр, хөрөнгө хүчээ зориулан зүтгэж байгаа эцэг, эхчүүд, багш дасгалжуулагч нарт талархал илэрхийлжээ.
Тэмцээнд оролцож буй өсвөрийн тамирчдын дунд олон улсын мастер, олон улсын шатрын холбооны мастер, дэд мастер, Монгол Улсын шатрын спортын дэд мастер зэрэг цолтой тамирчид 50 гаруй байгаа нь тэмцээний нэр хүнд, өрсөлдөөн өндөр болохыг илтгэж байна.

Манай улсын хүүхэд, багачуудын дунд шатрын спорт эрчимтэй хөгжиж, дотоодын болон тив, дэлхийн тэмцээнүүдэд өндөр амжилт гаргаж байна. Өнгөрсөн 2025 онд Сурагчдын дэлхийн аварга шатарчин 2, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтан 2, Ази тивийн сурагчдын аваргын алт, мөнгө, хүрэл медальтан 14, Зүүн Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальтан 10 гаруй тамирчин тодорч, 11 настай хүү шатрын түргэн тоглолтын Улсын аварга болжээ. Ази тивийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээнд манай сурагчид багаараа тэргүүн байр эзэлжээ.





