2016.03.28
Монгол Улсын Хөдөлмөрийн яамны дэмжлэг, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын санхүүжилтээр “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэж, мэдээллэх цахим систем”-ийг ашиглалтад оруулж байгаатай холбогдуулан МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас өнөөдөр нэгэн цахим сургалтыг зохион байгууллаа.
Гурван өдөр үргэлжлэх уг сургалтыг МХЕГ-ын дэд дарга Ю.Галсан нээж хэлсэн үгэндээ “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэж, мэдээллэх цахим системийг нэвтрүүлснээр бүртгэл сайжирч, осол хурц хордлого гарч байгаа мэргэжил, салбар, гэмтлийн төрөл, шалтгаан хүчин зүйлийн талаар тоон мэдээлэл бий болох юм. Үүний зэрэгцээ урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, осол хордлогын төлөв байдал, давтамжинд хяналт тавих зэргээр хөдөлмөрийн аюулгүй байдлын талаархи бодлого боловсруулах, хэрэгжилтийг мэдээллээр хангах чухал ач холбогдолтой юм” гэдгийг онцлов.
Мэргэжлийн хяналтын байгууллагын хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын /ахлах/ байцаагчид хамрагдсан уг сургалтаар үйлдвэрлэлийн осол гэмтлээс сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, бодлого боловсруулах, мэдлэгийг эзэмшиж, түүнийг хэрэгжүүлэх арга зүйд суралцаж байна гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.