Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан 2025 оны зургаадугаар сарын 26-27-нд Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо боллоо.
Засгийн газар хоорондын комиссын V хуралдааныг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд, Монголын хэсгийн дарга С.Амарсайхан, Киргиз Улсын Шадар сайд, Киргизийн хэсгийн дарга Э.Ж.Байсалов нар ахалж, хоёр улсын холбогдох яам, байгууллагын төлөөлөл оролцов.
Талууд Монгол, Киргизийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар харилцан мэдээлэл солилцож, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур, боловсрол, шинжлэх ухаан, мэдээллийн технологи, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, онцгой байдлын алба зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийж, хуралдааны дүнгээр Протоколд гарын үсэг зурлаа.
Мөн хоёр тал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 онд хийхээр төлөвлөсөн төрийн айлчлалын ач холбогдлын талаар санал солилцож, уг айлчлал нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам болохыг онцлон тэмдэглэлээ.
Хуралдааны үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд ачаа тээврийн шинэ маршрутыг бий болгох боломжийн талаар талууд санал солилцлоо. Уг маршрутыг бий болгох нь тээврийн зардлыг бууруулах, ачаа тээврийн эргэлтийг түргэсгэх, хоёр улсын хоорондын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хялбарчлах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Хуралдааны эхэнд Шадар сайд С.Амарсайхан IV хуралдаанаар тохирсон ажлууд амжилттай хэрэгжсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хөдөө аж ахуй, газар тариалан, мал эмнэлэг, уул уурхайн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, байгаль орчин, экологи, соёл, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийллээ. Түүнчлэн хоёр орны улс төрийн яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж буйг талууд сайшаан тэмдэглэв.
Цаашид хоёр улсын бүхий л салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов. Тухайлбал, боловсролын салбарт багш, оюутан солилцоо, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, онцгой байдлын чиглэлээр гамшгаас сэргийлэх, аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагаа, эрүүл мэндийн салбарт эмийн үйлдвэрлэл, мэргэжилтэн бэлтгэл, туршлага солилцох, нийгмийн хамгааллын салбарт харилцан айлчлал, арга хэмжээ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллахаар талууд тохиролцлоо.
Монгол, Киргизийн уламжлалт найрсаг харилцаа, харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагаа стратегийн түвшинд эрчимтэй хөгжиж байгааг онцлов.